Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Хоёр төрийн нүүрэнд хоёргүй сэтгээлээр 45 жил.

2017-12-04



Нутгийн Удирдлага хэмээх их айлын халуун ам бүлд ажиллаж амьдарч, өдгөө өндөр насны тэтгэвэртээ гарсан ч Төрийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлсээр байгаа Сант сумын ИТХ-ын дарга асан Т.Ойдовтой Нутгийн Удирдлагын 25 жилийн ойн арга хэмжээний үеэр цухас ярилцсан юм.

-Нутгийн удирдлагын байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Та түүхэн ойн босгон дээр төрийн хүндтэй шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе.
-Баярлалаа

-Ярилцлагаа Таны нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны  байгууллагад ажиллаж байсан үеэ хуучлахаас эхлэх үү
 -Сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 1975 онд томилогдон удалгүй сумын депутатаар сонгогдон ард түмнийг төрд төлөөлж завсаргүй 5 удаа сумын депутат, 2 удаа аймгийн депутатаар сонгогдсон.
Дээхнэ үеийн нарийн бичгийн дарга иргэний 8 төрлийн бүртгэл, цэрэг иргэний хамгаалалтын асуудал, гэмт хэрэг, нийгмийн дэг журмын асуудал, нотариатын үйлчилгээ, сумын соёл гэгээрэл, эрүүл мэндийн байгууллагын ажил УБХТН, ариун цэвэр халдвар хамгаалал, байгаль орчны асуудал, Захиргааны дотоод ажил, депутатын танхим гээд олон ажил хариуцан ажилдаг  байлаа.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдан нутгийн удирдлагын байгууллагын тогтолцоо үндэсээрээ өөрчлөгдсөн анхны жилээс Сумын ИТХ-д төлөөлөгчөөр тасралтгүй 5 удаа сонгогдон  иргэд олон түмнийхээ итгэл хүлээж байлаа. Энэ хугацаанд сум нэгдлийн дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга гээд  хоёр төрийн нүүрэнд  хоёргүй сэтгэлээр 45 жил ажиллажээ.

-Шинээр ИТХурал байгууллагдан ажиллахад тулгамдсан асуудал их л байсан байхдаа

– Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага цоо шинээр үүсч байгаа болохоор материаллаг бааз, боловсон хүчний хангамж, ажиллах хууль эрх зүй гээд олон олон зүйлд тулгамдаж байсан.
1992 онд ИТХ-ын дарга нь орон тооны бус. Ганц ажилтан бичиг хэрэг дотоод ажлаа хариуцан ажилдаг байлаа.
ИТХурлыг удирдлагын хавсрага, дайвар төдий ойлгох ойлголтоос салаагүй, социалист системийн захиргаадалтын үеийн дарга удирдлагууд үл ойшоох  үзэгдэл ч байсан болов уу.
 1996 оны сонгуулийн үед сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогддог байлаа. Манай сумын хуралд МАХН-аас 10, АН-аас 10 төлөөлөгч сонгогдоод яг тэнцсэн үед анхны хурлаа хийж ИТХ-ын дарга, Засаг даргаа сонгох гэж бөөн юм болж билээ. Эхлээд ИТХ-ын даргаа сонгох  гэж бүх төлөөлөгчөө хурлын даргад нэр дэвшүүлээд санал тэнцээд байдаг бүтэн гурван өдөр гацаанд орлоо. Дараа нь Засаг даргаа сонгох гэж  олон санал өгөлт дунд нэг Төлөөлөгч маань гэнэ алдаж саналын хуудас хүчингүй болгосны хүчинд асуудал шийдэгдэж байж билээ.
Иймэрхүү асуудал ганц манай суманд ч болоогүй бололтой дараагийн сонгуулиас сондгой тоотой төлөөлөгч сонгодог болсондоо.

–Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа  хөлөө олоход хир их хугацаа орсон бол
 – Удирдлагын энэ тогтолцоо ард иргэдийн хүсэн хүлээж байсан жам ёсны асуудал байсан учраас харьцангуй богино хугацаанд төлөвшин хууль эрх зүй ч боловсронгуй болж, материаллаг бааз нь ч бэхжиж, боловсон хүчнүүд нь ч чадваржиж  25 жилийн өндөрлөгөөс харахад  орон нутгийн хөгжлийн зам гэгээлэг болсон байна.

-Нутгийн удирдлагын шинэ тогтолцоонд алдаа дутагдал байгаа л байх даа, халуун тогоонд нь ажиллаж байсан хүний хувьд, иргэний хувьд юу гэж харж байна вэ.
 – Сум, баг  бол тодорхой хэмжээний газар нутагтай, хүн ам нь цөөн гол төлөв ах дүү амраг саднаараа оршин амьдардаг хязгаарлагдмал бүлэг хүмүүсийн нэгдэл юм.
ИТХ-ын сонгууль ч бай, сум  багийн Засаг дарга сонгох ч бай тодорхой намаас нэр дэвшүүлэн сонгодог учраас намчирхал, талцал тоймоо алдаж, өөр хооронд нь өстөн дайсан болгож байгаагаас эв дүнжин алдагдаж, монгол хүний мөс чанар доройтож байгаа нь нэг л бишээ.
Ер нь зарим талаар сум орон нутаг ч тэр, улс оронд ч тэр төрд сэтгэлээ өгч, хөгжилд хөтлөх жинхэнэ удирдагч нь сонгогдохгүй орхигдох асуудал байх шигээ. Хэтийн төлөвлөгөө, хөтөлбөр гээд чухал чухал баримт бичиг батлагддаг боловч эцсийн үр дүнг үзэхгүй дараагийн сонгуулиар шинэ хурал гараад л мартагддаг. Сум хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан гээд одоо чинь мундахгүй л мөнгө суманд ирдэг боловч урт хугацааныхаа хөтөлбөр, төлөвлөгөөнд орсон зорилтоо санхүүжүүлэхийн оронд  жил, улирлын аар саархан зүйлийн санхүүжилтэнд юмуу намчирхан ганц нэг хүний сумын нийтлэг эрх ашигт нөлөөгүй бизнест зориулагдан замхардаг болоо юу даа. Хурал олон журам хөтөлбөр гаргаснаар биш орон нутгийн хөгжилд чухал цөөн хөтөлбөр төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоход  чиглэгдэж чадахгүй тухайн 4 жилийн хугацаандаа л сайхан харагдах гэж ажилладагаас орон нутаг хөгжиж чадахгүй байна.
Сонгууль болохоор бөөн сүр дуулиан, хазахаас бусдыг хийж гарч ирсэн Төлөөлөгчийн зарим нь иргэд сонгогчиддоо эргээд ямар ч нөлөөгүй  нэгэн болдог бол, нэг хэсэг нь ард түмэн, ард түмэн гэж аман дээрээ орилох боловч ачир дээрээ ард түмний төлөөлөл болж чадахгүй байх шиг.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хуваарилах гэх мэт чухал, чухал асуудал шийдвэрлэх  хуралд иргэдийн нийтийн хурлын бүрэлдэхүүн цөөн, ашиг сонирхолын зөрчилтэй өөрийн талын  цөөн тооны иргэдээ оруулж чадсан хүний талд шийдэгдэж байгаагаас нүдээ олохгүй үр ашиг олонход хамааралгүй болоход хүргэдэг болов уу.

Нутгийн удирдах ёсны байгууллагыг цаашид улам төгөлдөржүүлэхэд таны санааг сонсмоор байна.

Өнгөрсөн 25 жилд үйлчилж ирсэн хууль эрх зүй, туршлагаа эргэн харж сайн дүгнэлт хийх шаардлагатай. Ялангуяа сонгуулийн зарим тогтолцоог төгөлдөржүүлж  орон нутгийн хурлын төлөөлөгчийг намаас биш ард түмнээс нэр дэвшүүлдэг болгох, сум, багийн Засаг даргыг дээд шатны байгууллага нь томилдог болгох  өөрөөр хэлбэл намд барьцаалагдсан Засаг дарга биш томилсон эзэнтэй түүндээ хариуцлага тооцдог удирдлагатай  байхаар болгох хэрэгтэй.
Хууль эрх зүйдээ төрийн албыг хувийн ажлаа амжуулах хэрэгсэл, төрийн албыг хувийн ажлын хавсраг болгохооргүй сахилга хариуцлагыг чангатгасан заалт оруулж ягштал биелүүлдэг болгох систем бий болгох шаардлагатай. Сонгуулийн хугацааны асуудалд ч анхаарч олон улсын туршлагыг судлан оновчтой шийдэл олох хэрэгтэй гэж боддог.          

Ярилцсан таньд баярлалаа туршлагаа хуваалцан залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх үйлсэд тань өндөр амжилт хүсэе.

Ярилцсан Б.Батбаяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%